Галын дүгнэлт

                                      ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮГНЭЛТ ГАРГАХ

         Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” А/02 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах журмыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад галын аюулгүй байдлын дүгнэлт олгоно.

  1. Галын аюулгүй байдлын дүгнэлтийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн хүсэлт, энэ үйл ажиллагааг явуулах зориулалтаар газар олгосон тухайн Засаг даргын захирамж, барилга байгууламжийн батлагдсан иж бүрэн зураг, барилга байгууламжийг ашиглалтанд оруулсан тухай Улсын комиссын дүгнэлт, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн шалгалтын дүнг тус тус үндэслэн тухайн төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага олгоно.
  2. Галын аюулгүй байдлын дүгнэлт авах тухай аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс гаргасан хүсэлтийг хүлээн авснаас хойш шаардлага хангасан баримтыг үндэслэн тухайн төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага ажлын 10 хүртэл хоногт багтаан дүгнэлтийг олгоно.
  3. Галын аюулгүй байдлын дүгнэлт нь 2 жилийн хугацаатай байна.
  4. Дүгнэлтийн хэвлэмэл хуудсан дээр гал түймрийн улсын хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргасан гал түймрийн улсын хяналтын байцаагч гарын үсэг зурж, тэмдэг дарах ба тухайн Онцгой байдлын байгууллагын дарга нь албажуулна.
  5.   Галын аюулгүй байдлын дүгнэлтийн хугацаа дууссан тохиолдолд гал түймрийн улсын хяналтын байцаагчийн шалгалтын дүнг үндэслэн тухайн төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага шинээр олгоно.